Уйгагүй хөдөлмөр, хичээнгүй байдал хүнд амжилт авчирдаг гэдгийг 26 настай Жен Аткин баталжээ. Тэрээр 2020 оны Их Британийн тэргүүн миссээр шалгарсан юм. Жен одоо харагдаж байгаа шигээ үргэлж гоо сайхан байсангүй. Илүүдэл жинтэйгээсээ болж хүссэн хувцсаа өмсөж чадахгүй, сүйт залуудаа ч хаягдаж байсан нэгэн. Хэдэн жилийн өмнө өөрийн дүр төрхөөсөө залхан өөрчлөлтийг хийхээр эргэлт буцалтгүй шийджээ. “Өмсөх дуртай даашинз минь таарахаа болих үеэс эхлэн турахаар шийдсэн. Би Их Британийн мисс болсондоо маш их баяртай байна. Би ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Хэрэв хэдэн жилийн өмнө хэн нэгэн надад “Чи Их Британийн мисс болно” гэж хэлсэн бол би хэзээ ч итгэхгүй байх байсан шүү дээ” хэмээжээ.

Өдгөө тэрээр хүссэндээ хүрэхийн сацуу Их Британийн миссийн титмийг зүүсэн. Жен Аткин хоёр жилийн хугацаанд эрүүл аргаар буюу дасгал хөдөлгөөнөөр 45 кг хассан байна. Тэрээр өмнө нь дээд цэгтээ 108 кг жин хүртэл таргалж байсан ба одоо 50 кг жинтэй болж чаджээ.

Жен долоо хоногт таван удаа фитнесст явдаг бөгөөд хүссэн зүйлээ хэмжээ, хязгаартайгаар иддэг гэнэ. Цөхрөлтгүй байдал, тэвчээр, тууштай зан амжилтад хүргэдгийг тэр ийнхүү нотолжээ. Тэрээр турахыг хүссэн цаашлаад зорилгодоо хүрэхийг хүссэн хүмүүст зөвлөхдөө “Дор хаяж гурван сарын дараа өөрийгөө ямар байж чадахаа дотроо төсөөлөөд түүнийхээ төлөө тууштай тэмц. Энэ бүхэн чиний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөх болно” гэжээ.  Мөн Жен хайраа олж  аз жаргалтайгаар хуримаа хийжээ.

Түүний турах шийдвэрийг гаргахад түлхэц болсон зүйл бол илүүдэл жингээсээ болж сүйт залуудаа хаягдсан явдал байв. Салалтын дараах хямрал нь эсрэгээрээ түүнд илүү их хүчийг өгсөн гэхэд болно. Өөрөөр хэлбэл тэрхүү салалт нь сэтгэл хангалуун аяллынх нь эхлэл байсан юм. Тэрээр мөн 2018 онд Английн авьяаслаг мисс, тэргүүн миссээр тус тус шалгарч байв.

Leave a Comment