-Бар, луу, морь жилтэй эмэгтэй хүүхдийн 13, 16, 18 насанд нь ханийн даллага авахуулах хэрэгтэй-

Ханийн заяа дуудуулах, даллага авахуулах талаар хүмүүс янз янзаар ярьдаг. Үүнийг мухар сүсэг гэж үзэх хүмүүс ч бий. Тэгвэл ханийн даллага авахуулахын учир, нөлөөллийг бурханы шашин, зурхайн ухаанд хэрхэн үздэг талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Зурхайч лам,  АУ-ы магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.

-Амьдын диваажинд жаргая гэвэл сайн хань ижил сонго гэдэг үг байдаг. Заяаны хань гэсэн ойлголтыг зурхайн ухаанд хэрхэн үздэг вэ?

-Заяаны ханийн талаар хүмүүс асуух нь элбэг байдаг. “Миний заяаны хань байна уу, байхгүй юу”, “Би одоо удахгүй хүнтэй суух нь уу” гэх мэт асуулт их тавьдаг. Бурханы шашинд эхнэр, нөхөр учрах нь урьд насны үйлийн үр хийгээд энэ насны явдал мөрөөс хамаардаг. Урьд насандаа сайн үйл хийж явсан бол сайн ханьтай учирна, муу үйл хийсэн бол муутай учирна. Ийнхүү үйлийн эрхээр учирдаг тул “Миний заяаны хань байна уу, байхгүй юу, би хэзээ хүнтэй суух вэ” гээд асууж ирж байгаа хүмүүс хэтэрхий далдын зөн билигт найдаж, амар хялбар замыг хайж байгаа нь харамсалтай санагддаг. Өөрийнхөө жинхэнэ зан чанар, ямар ааш зан, сайн, муу талыг таньж мэдээгүйгээс өөрт тохирох хүнийг олж чадахгүй явж байж болох юм. Бүх хүн л сайн хүн хайгаад байдаг. Гэтэл тэр хүн өөрөө сайн хүнтэй нийцэхээр байж чадаж байна уу гэдгээ харах хэрэгтэй. Өөрөө муу зан чанартай байж сайн хүн хайгаад байвал учрахгүй шүү дээ. Тэгэхээр сайн хүн гэхээсээ илүү өөрт тохирсон хүнтэй л учирна. Та ямар хүн байхаас шалтгаалж таньд тийм л хань заяах учиртай. Надад ямар хань ижил заяах бол гэж сохроор найдаж явсанаас өөрийнхөө дутагдалтай зан чанараа засч, сайжруулж, надад тийм л хүн тохирно гэж төсөөлж үзэх хэрэгтэй. Тэр хүнтэйгээ учрах цагт таньдаг хүнтэйгээ учирсан мэт санагдана.

-Өөрийгөө танихын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Өөрийгөө таньж мэдэхэд их хэцүү л дээ. Хүнийг муулахаас л биш өөрийнхөө сайн юмуу муу зан чанаруудыг мэдэх нь ховор. Монголчууд эртнээс хүүхдийн зурхай буюу хүүхдийн дэмбэрэл төөргийн зурхайг зуруулдаг байсан. Түүн дээр тухайн хүний сайн, муу зан чанар, авъяас чадвар гээд бүх юм гарч ирдэг. Төөргөө зуруулах нь өөрийгөө таньж мэдэхэд дөхөм байна. Хоёрдугаарт, өөрийн найз нөхөд, ойр хүрээлж байгаа хүмүүсээ харах хэрэгтэй. Тэр хүмүүс ямар байна, чи тийм л байна. Нэгэнт өөрийгөө таньж мэдсэн бол муу чанараа ажиглан засаж, сайн чанараа дадуулах хэрэгтэй. Хүмүүсийн дутагдалтай, муу талыг харахгүй байх хэрэгтэй. Хов ярьдаг хүмүүс дандаа хүний муу чанарыг харсаар дадуулсан байдаг. Муу зүйлийг дадуулвал засахад бэрх. Тэгэхээр сайн чанарыг дадуулж, хүн болгоны сайн чанарыг олж хардаг байх хэрэгтэй. Учир нь хүн бүхэнд тодорхой хэмжээнд сайн чанар байдаг учраас түүнийг нь олж хараад хүндэлж, түүнд баясах сэтгэлийг төрүүлж байх хэрэгтэй. Тэр баясах сэтгэл, хүндлэлийн гүүрээр дамжиж чамд тэрхүү сайн чанар шууд юүлэгдэх болно. Ингэж сайн чанарыг төлөвшүүлж, өөрийгөө бэлдэж, таньж мэдсэнээр өөрийн хүссэн заяаны ханьтайгаа хаа нэгтээ учрах л болно. Хүмүүс өөрийгөө таньж мэдээгүйгээс заяаныхаа ханьтай учирсан ч мэдэлгүй явуулчих тохиолдол олон байна.

-Хүмүүс хань ижлээ сонгохтой холбоотой ямар мухар сүсэгт автагдаж байна?

-“Миний заяаны хань байгаа байх”, “Заяаны хань маань ямар хүн байна” гэж асууж ирдэг. Шинж тэмдгийг нь хүртэл мэдэхийг хүсдэг. Ингэж асууж байгаа нь үнэхээр утгагүй. Тэр хүн өөрийгөө таньж мэдээд өөртөө таарах хүнийг олохоос илүүтэй шууд л мухар сүсэгт итгэн заяаны ханийнхаа шинж тэмдгийг нь тодорхойлуулж, сарын дараа учрах далдын, зөнгийн юм хайгаад байдаг. Бас болоогүй, сайн хүн байх ёстой гэдэг. Энэ бол мухар сүсэг шүү дээ.

Leave a Comment