Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өчигдөр/2020.05.27/ 18:00 цагийн орчимд, 11-15 насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байжээ. Гурван хүүхэд ус руу орж живж эхлэх үед ах нь дүүгээ аврах гэж араас нь орон амь насаа алдсан байна.Хүүхдүүд Дэнжийн 1000-аас хэсэг найзуудынхаа хамт ийнхүү тоглохоор ирээд амь насаа алджээ.

Бага насны хүүхдүүд амиа алдсан уг асуудлын хүрээнд өчигдөр орой Нийслэлийн мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагууд мэдээлэл хийх үеэрээ 2014 онд хотын дарга Э.Бат-Үүл “Хан талст” компанид 3.3 га газар ашиглах зөвшөөрлийг өгсөн талаар мэдээлсэн юм. Үүний дагуу Монголын хамгийн анхны эргийн тохижилт, наран шарлагын газар, задгай театр зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр “Хан талст” компани барилгын ажлаа эхлүүлээд байсан аж.

Тавдугаар сарын 10-нд буюу өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн зөрчлөө арилгаж, ажлаа зогсоох хэд хэдэн зүйл албан шаардлагыг хүргүүлжээ. Гэвч тэд зөрчлөө арилгаагүйгээс болж ийнхүү 4 хүүхдийн амь нас эрсдэлээ гэдэг тайлбарыг албаныханөгч байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Leave a Comment