УИХ-ын 2020 оны сонгуулиар У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдын сэнтийд сууж, М.Энхболдын талаас амжилттай “урвасан” Ө.Энхтүвшин нэр дэвшээгүй. Тэр мандатаа намдаа бэлэглэж, хариуд нь Шадар сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших тохироо хийсэн талаар сонгуулийн  өмнө яригдаж байв.

Гэвч сонгуулийн дараа Засгийн газрын танхим бүрдэхэд Ө.Энхтүвшингийн хүсэл биелээгүй. Сайд нар томилогдохын өмнөх орой  ч маш сайн мэдээлэлтэй хүрээнд ч Засгийн газрын танхимд багтах азтай эрхмүүдийн нэр эцсийн байдлаар хүрээгүй байв. Нэг ёсондоо Ерөнхийлөгчтэй хэдэн сайд дээр хөшигний ард зөвшилцөөд л бусдыг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө тархиндаа хадгалсаар гэнэт зарласан гэсэн үг.

Тэр хүртэл “Би Засгийн бүтцэд багтаж байгаа” гэсэн гэнэн халуун мөрөөдөлтэй явсан эрхмүүдийн нэг нь Ө.Энхтүвшин. Мэдээж тэр Засгаас жийгдчихээд, инээж суугаагүй нь тодорхой. Үүний дараа нэг их удалгүй Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоог Барилга хот байгуулалтын дэд сайдаар томилсон юм. Аавынх нь цээжин дээр зангирсан гомдлыг хүүг нь дэд сайдаар томилж цайруулах ажиллагаа ингэж явагдав.

Өнгөн дээрээ бол Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүүгээ арын хаалгаар гаднаас  тусгай үүргийн онгоцоор ирж буйг ч мэдээгүй. Дэд сайдаар томилогдсоныг нь ч мэдээгүй гэж байгаа юм. Ерөөс амьдралаас тасраад, амьдралтайхан худлаа ярьж чадахаа ч байсан буурал сайд нарын минь  жишээ энэ.

Удаах нь сайд асан Ц.Нямдорж. Эрдэнэтэд Л.Батлут нартаа тонгоруулж, “ар хударгатуулсан” уураа сонгуулийн штабынхандаа гаргаж, цалингаа ч олигтой өгөлгүй хот руу давхиж ирсэн эрхмийн дараачийн  суудал уг нь ХҮЦ-ийн гишүүн байсан. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга юу гээд л түүнийг цэц рүү илгэхийг зөвшөөрөхөв. Тэгсхийж байгаад, Ерөнхий сайдын хуулийн зөвлөх гэсэн орон тоо дуулдаад өнгөрсөн.

Их удалгүй хүүгээ тэр Төрийн нарийнаар “чихэж” чадав. Яаж ч бодсон Н.Анхбаярт эвтэйхэн  суудал өгөхгүй бол Ц.Нямдоржийн өширхүү зан Засгийг хөөрхөн хэмлээд байх нь тодорхой. Тиймээс хамгийн тансаг, эвтэйхэн байж болох суудлыг хүүд нь тавьж өглөө. Ингэж өвгөн сайд нарын үрсийг гомдоож болдоггүй төрийн жишгийг У.Хүрэлсүх давтаж, улам гялтайлган өнгөлж өгөв. Уг нь  Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж  нарт Монголын төр өргүй. МАН л өртэй билээ.


Leave a Comment