“Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж буй 42 настай ээж агаарын хөлөгт амаржиж, хоёр ихэр охин төрүүллээ. Энэ нь ээжийн гурав дахь төрөлт бөгөөд эх болон ихрүүдийн бие сайн байна” гэсэн товч мэдээг бид долоодугаар сарын 9-ний үдэш хүлээн авч, мэдээлж байв. Наадмын шуранхайтай зэрэгцэн агаарын хөлгөөс ирсэн энэхүү баярт үйл явдлын талаар хэвлэлээр дээрх товч мэдээ цацагдсан ч эмч, мэргэжилтнүүдийн хувьд долоон сартай, бүтэлттэй төрж амьсгалын дутагдлын улмаас үхлийн ирмэгт тулсан ихрүүдийн амийг аврах гэж олон цаг үргэлжилсэн нислэгийн турш цаг, минуттай уралдсан хүндхэн сорилт тулгарчээ.

Тэр нислэгт ХӨСҮТ-өөс томилогдсон эмч Батсүхээс гадна гурван их эмч, нэг сэхээн амьдруулахын сувилагч, нэг эх баригч зорчиж таарсан нь энэхүү ховор бөгөөд эх, нярайн хувьд өндөр эрсдэлтэй тохиолдлыг баярт үйл явдал болгох гэж тийз авсан мэт. Агаарын хөлөгт баг болон ажилласан их эмч, мэргэжилтнүүдийн нэг, залуудаа сумын эмч хийж байсан Дарьсүрэнгийн Мөнхсаруултай утсаар холбогдон ярилцлаа. Тэрбээр “Зүчи” зочид буудалд тусгаарлагдаж буй юм.

-Онгоцонд ихэр хүүхэд өлгийдэн авч, эх орондоо эсэн мэнд авчирсан Та болон санаанд багтамгүй тохиолдлоор баг болж ажилласан алтан гарт эмч, сувилагч нарт баяр хүргэе. Онгоц хөөрснөөс ямар хугацааны дараа ээж өвдсөн бэ?
-Нарийн цаг минутыг мэдэхгүй юм, онгоц хөөрөөд удаагүй байхад л чанга яригчаар “Хүн төрөх гэж байна. Эмч хүн байвал туслаач” гэж зарлахад нь би очсон. Онгоцны арын хэсэгт хоол хадгалах агуулах маягийн багахан зайтай бүхээг байдаг юм байна.

Тэр бүхээгт ээжийг оруулж хэвтүүлсэн байсан. Онгоцонд ХӨСҮТ-ийн эмч болон Мэргэжлийн хяналтын хоёр хүн явсан юм билээ. Намайг очиход Халдвартын эмч даралтыг нь үзээд 150-тай байсан учир эм уулгаж, өвдөлт намдаах тариа хийсэн байв. Налайхын эх баригч эмэгтэй очсон байсан. Халдвартын эмч маань “Ихэр юм байна, төрвөл одоо яана аа” гэж зовнингуй харагдана. Эхийг үзэхэд төрөхийн өвдөлт эхэлсэн байв. “Яах вэ, сандрах хэрэггүй хэдүүлээ тайван байж төрүүлье” гэлээ. 

Чанга яригчаар зарлахад нь би үүрдэг цүнхтэй тэр чигээрээ оччихсон байсан тул гар цүнх, ээмэг сэлтээ авч, суудалдаа тавиад ирэх хооронд эхний хүүхэд гарчихсан. Намайг эргэх хооронд зөрөөд хоёр эмч ирсэн. Хүүхдийг хэн нь  эх барьсныг мэдээгүй. Онгоцонд II эмнэлгийн нярайн эмч Отгончимэг гэж эмч бас явсан. Эхний хүүхэд бүтэлттэй, хөхөрсөн төрж нэлээн сандаргалаа. Отгоо эмч маань нярайд хиймэл амьсгаа залгаж цээж, зүрхэнд нь иллэг хийж, хүүхдийг сэхээх гэж оролдож байсан.

Хүйг нь таслаагүй, үзэхэд хүйн лугшилт нь зогссон байсан. “Хүйг нь боох юм өгөөрэй“ гэтэл марль өглөө, нарийсгаж цувсан учир нөгөө марль нь татахад тасраад болсонгүй. Тэгсэн маскны арын чихний уяаг таслаад авчирсан. Түүгээрээ хүйгээ хоёр талаар нь уялаа. Резинэн учир сунаад бооход тиймхэн л юм билээ, өөр юм байхгүй юм чинь яах билээ. Тэгээд “Эх барьж авсан хүн нь хүйг хайчил” гэхэд нэг нь хайчилсан. Хэн хайчилсныг ч мэдээгүй. 

-Хоёр дахь хүүхэд удалгүй төрсөн үү?
-Ихэр учир төрөх үйл явц удаан үргэлжилнэ. Эхний хүүхдээ авснаас хойш нэлээн хэдэн минут боллоо. Эхийн гэдсэнд иллэг хийж байтал хүүхэд устайгаа хамт гарсан. Хоёр дахь хүүхэд маань бас бүтэлттэй төрсөн, гараад шууд уйлаагүй. Сугармаа гэж бас нэг залуухан хүүхдийн эмч байсан. Хүүхдийн хоёр эмч маань нярайтайгаа ажилласан. Нэг нь хүүхдээ тэврээд, нэг нь амьсгалуулах иллэг массаж хийж, аман дахь салстыг нь соруулж нэлээн удаан ажилласны дараа хүүхэд амьсгал авсан.  Хүүхдийнхээ хүйг түрүүчийн хүүхэд шигээ боож, хүйг нь би хайчилж онгоцныхоо бүтээлгээр ороож авлаа.

-Онгоцонд учир ямар жинтэй төрснийг ч мэдээгүй байх, тийм үү?
-Мэдээгүй  ээ, дутуу төрснийг хэлэх үү хариугүй жижигхэн байсан даа. Тусгаарлалтад орсныхоо дараа нэг нь 1.4, нөгөө нь 1.6 кг жинтэй төрснийг мэдсэн. Миний эх барьж авсан хоёр дахь хүүхэд бүр жижиг байсан. Би утсаар ярьж, хүүхдүүдээ асуудаг. Нэр өгчихсөн, одоо Халдвартын эмнэлэгт байгаа, тусгаарлалтаас удахгүй гэртээ гарна. Бүтэлттэй төрсөн болохоор ангир уургаа ч амлаж чадаагүй. Ээжийн маань даралт төрөхийн өмнө өндөр байсан бол төрсний дараа гэнэт унаж сандаргасан. Хаван ихтэй, төрөхийн хэллэгээр бол төрөхийн хожуу үеийн хордлоготой.

-Ийм эх онгоцонд байтугай эмнэлэгт ч хүндэд тооцогддог биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Даралт 150-тай эхийг төрүүлнэ гэдэг амаргүй. Цус харвуулбал амь насанд ч эрсдэлтэй гэж онош тавьдаг. Хаван ихтэй хүний судсыг олох хэцүү. Эх, нялхсын төвийн /ЭХЭМҮТ/ Сэхээн амьдруулах тасгийн сувилагч Буянжаргал гэж ёстой мундаг сувилагч байсан тулдаа нэг хатгаад л судсыг олж, дусал залгасан. Ээжийгээ шалан дээр хэвтүүлсэн, хоёр хажуу талаар нь хоол зөөдөг түрдэг тэрэгнүүд хийчихсэн, тэр нь ч хайраад онгоцны арын хэсэг нэлээн сэрүүхэн юм билээ. Ээж маань доороосоо хайрагдаад, дусал хийж байхад даарч, чичрээд. Би нөмөрнө гэж  жижиг одеялон халаад авч явсныгаа авчирч доор нь дэвслээ.

Хэдүүлээ гар, хөлийг нь барьж дулаацууллаа. Онгоцны үйлчлэгч охид чихэртэй хар цай авчирсан. Нялх биетэй эхэд халуун шөл уулгамаар байдаг. Тусгай үүргийн нислэгт халуун хоол байхгүй. Онгоцны үйлчлэгч охид маань “Бид нар идэх гэж авч явсан” гээд жижиг савтай тахианы шөл халааж авчирсан. Ээж маань дотор нь муухайраад юм идэж чадахгүй байсан. Яваандаа бие нь тайвширч, шөл цайгаа нэг удаагийн аягаар бага багаар уусан даа. 

Хүүхдүүдээ авсны дараа эхэс гаргана. Эмнэлэг биш эхэс гарахад онгоцонд сүйд боллоо. Онгоцны тэр шар бүтээлэг нь /одеяло/ элбэг юм билээ. Тэрийгээ ээжийнхээ  доогуур хийгээд л солиод байсан. Олон цаг ниснэ, суудлаас босгохгүй байж магадгүй гээд суухаасаа өмнө хоёр том хүний памперс авч, нэгийг нь хажуугийнхаа настай эгчид өгсөн байсныгаа авч, ээждээ өмсүүллээ.  

-“Онгоцонд ихэр охид мэндэллээ. Эх, хүүхдийн бие сайн” гэсэн сайхан мэдээ сонссоноос биш, онгоцонд бөөн адал явдал өрнөж шүү дээ. Төрснөөс хойш нэлээд хэдэн цагийн дараа онгоц газардсан уу?  
-Тэгж байтал эхний хүүхдийн маань амьсгал дахин зогсож, сандаргасан. Хүчилтөрөгчийн аппаратыг гүйцэд сорж чадахгүй. Нэг нь хүүхдээ тэврээд Отгоо эмч маань иллэг хийж тасралтгүй ажилласан, удаан амьсгал тасалдахад нь сүүлдээ шууд амаараа хиймэл амьсгал хийсэн. Онгоцны арын хэсэгт хүчилтөрөгчийн кислородууд байдаг, тэрүүгээр нислэгийн турш хүүхдүүдээ амьсгалуулж явсан. Хурдхан газардаж эх, нярайнуудаа эмнэлгийн бараа харуулахыг яарч байгаа бидэнд нислэг их л урт удаан үргэлжлэх шиг санагдсан. Найман цагийн төлөвлөгөөт холын нислэг шүү дээ. Нисгэгч маань ур чадвар гаргаж, төлөвлөсөн цагаасаа 30 минутын өмнө газардаж чадсан. Яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа нялхаст 30 минут гэдэг ямар урт хугацаа гэж санана. 

Тэр зуураа буух болсон байх гээд асуутал гурван цагийн дараа газардана гэсэн. Бидэнд цаг маш удаан өнгөрөх шиг санагдаж билээ. Одоо хоёр цаг, одоо нэг цаг гэж хүлээн байлаа. Хүүхэд маань амьсгал ороод, царай нь цайгаад ирэхэд Отгоо эмч маань уйлчихсан. Бид ч баярлаад бүгдээрээ уйлалдсан. Ээжийнх нь бие арай гайгүй болчихсон, хүүхдээ хараад бас уйлчихсан.

-Тийм том гэдэстэй ээж гэрээсээ ганцаараа онгоцонд суусан гэж үү?
-Тийм. Нөхөртэйгээ явъя гэсэн ч нөхрийнх нь нэр багтаагүй үлдсэн юм билээ. Төрөх хугацаа нь болоогүй “Суухад өвдөөгүй байсан” гэж ээж өөрөө хэлсэн. Хажууд нь сууж явсан нэг эмэгтэй “Анх онгоцонд суухын өмнө дугаарлаж байхад л царай нь хачин харагдсан, өвдөж байсан байх аа” гэсэн. Чухам яасныг мэдэхгүй.
Онгоцны чанга яригчаар хоёр ихэр хүүхэд төрснийг зарласан болов уу?
-Зарласан гэсэн. Зорчигчид алга ташиж, баяр хүргэсэн. Тухайн үед хүүхэд муудаад байсан учир бид нар зарлахыг нь сонсох сөхөөгүй, дараа нь л мэдсэн. 

-Та ямар мэргэжлийн эмч вэ?
-Би Анагаах ухааны их сургуулийн Эмчилгээний ангийг 1989 онд Ерөнхий мэргэжлийн эмчээр төгсөөд, Дорнод аймгийн Матад сумын эмнэлэгт хоёр жил гаруй ажилласан. Сумын эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллахдаа олон хүн төрүүлж байсан. 1995 онд Уламжлалт эмчилгээний нарийн мэргэжлээр суралцаж, уламжлалтын эмч болсон. Түүнээс хойш мэргэжлээрээ бага ажилласан, хувиараа хөдөлмөр эрхэлсэн дээ. Сумын эмч байхдаа бараг 20 жилийн өмнө л эх барьж авч байсан.

-Эх, нярайнуудыг аврах гэж тасалбар авсан шиг онгоцонд тал талын мэргэжлийн маш сайн баг бүрдсэн байна шүү дээ?
-Тийм шүү. Хэрэв би ганцаараа явсан бол хүүхдүүдийг аврах боломж гарахгүй байсан гэж айдаг. Санаандгүй тохиолдлоор гар нийлсэн баг бүрдсэнд бид нар үнэхээр баярласан. Хүүхдийн эмч Отгончимэг, Сугармаа, сэхээний сувилагч Буянжаргал, эх баригч Даваа, ХӨСҮТ-ийн эмч Батсүх нартайгаа гар нийлэн хором минутаар хэмжигдэх эх, хүүхдүүдийн амь насыг аварч чадсандаа баяртай байна. Мөн нислэгийг гарамгай удирдаж хугацаанаас өмнө газардсан нисгэгч, шаардлагатай бүх л зүйлээр тусалсан экипажийн үйлчлэгч охид, бусад хэрэгцээт эд материалаар тусалсан зорчигчдод маш их баярлаж байна. Тусгай нислэгээр замд хоол идэхгүй. Бид нар эхэндээ амны хаалттай сүрхий байсан. Сандралдаж гүйлдсээр хөлс гоожиж, гурван давхар масктай явсан би маскаа ч авч хаяснаа сүүлд анзаарсан даа.

-Тусгаарлалтын хугацаа дууссаны дараа Та нар уулзаж, тухтай танилцацгаах уу?
-Одоо гэрийн тусгаарлалтад 14 хононо. Дараа уулзвал сонин л байх болов уу. Онгоцонд бол бие биеийнхээ нэрийг л хагас дутуу мэдэж амжсан даа. -Та Туркэд хэзээ очсон бэ?
-Туркэд амьдардаг охиндоо очоод байхад нислэг зогсож, гацсан. Журам дүрмийнх нь дагуу буцах хүмүүсийн жагсаалтад бүртгүүлж, Истанбулын чиглэлийн хоёр дахь нислэгээр Монголдоо ирсэн минь энэ.

-Олон цагийн ийм эрсдэлтэй, хүний амь хором минутаар хэмжигдэж байсан нислэгийн дараа Танд ямар мэдрэмж төрж байв?
-Онгоц газардаж, хамгийн түрүүнд эх, нярайг буулгаж ХӨСҮТ рүү авч явахад л сэтгэл уужирсан даа. Агаараас мэдээ авчихсан ихрүүдийн өлгийг бэлдээд тосож байсныг дуулаад баярласан. Үе үе амьсгалын дутагдалд орж үхлийн ирмэгт тулсан нярайгаа сэхээн амьдруулаад бүгд уйлсан тэр нулимс бол эх орон, элгэн саднаа хайрлаж асгарсан үнэ цэнтэй нулимс. Тогоон чинээ том гэдэстэй ч олон цагийн нислэгт чилэхийг огоорон эх орон руугаа тэмүүлсэн зоримог ээжийг хоёр бяцхан охинтой нь эсэн мэнд авчирлаа. Амьдрал үнэхээр сайхан, бас маш хэврэг. Монголчууд минь бие биеэ л хайрлая гэж хэлмээр санагдсан даа. 

Leave a Comment