Өнгөрөгч хичээлийн жилд буюу 2019-2020 онд асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрсэн 75 хүүхэд амьдралд хөл тавьж, асрамжийн төвөөсөө гарчээ. Харин тэднээс хоёр хүүхэд боломжгүйн улмаас асрамжийн төвдөө үлдээд байсан нь. Л.Төрболд, Б.Батдорж нар юм.

Өнөөдөр “НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран санамж бичиг байгуулсны хүрээнд 18 нас хүрсэн ч асрамжаасаа гарах боломжгүй байсан Л.Төрболд, Б.Батдорж нарт түрээслээд өмчлөх боломжтой байрны батламжийг гардууллаа. Тэд нүдэндээ нулимстайгаар батламжаа гардан авч “Бидэнд ийм боломж олгоно гэж төсөөлж байсангүй. Тусалж дэмжсэн хүн бүрд баярлалаа” хэмээн талархлаа илэрхийлж байв.

Б.БАТДОРЖ: БИДНИЙ АРААС ОЛОН ХҮҮХЭД, ЗАЛУУС БАЙРТАЙ БОЛООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

Б.Батдорж, Өнөөдөр бид хоёрт алтан боломж олгосонд баяртай байна. Бидэнд өгсөн энэ боломжийг алдахгүй байрныхаа эзэн болох хүртлээ сайн ажиллана. Маш их баярлалаа гэдэг үгийг дахин, дахин хэлмээр байна. Бидний араас олон хүүхэд, залуус байртай болоосой гэж хүсэж байна.

Би бага байхаасаа асрамжийн газарт хүмүүжсэн. Саяхан цэргийн албаа хаагаад ирсэн. ОБЕГ-т ажилд орохоор бүртгүүлсэн байгаа. Хэрвээ тэнцвэл намайг дуудна гэсэн. Би гурван мэргэжилтэй гэлээ.

Түүнээс хамт амьдардаг “Манай гэр” асрамжийн газрынх нь хүүхдүүд байранд орох гэж байгааг нь мэдээд хэрхэн хүлээж авсан талаар асуухад “Бүгд маш их баяртай байгаа. Асрамжийн газрын дүү нар маань танайх руу очно шүү л гээд байсан” хэмээсэн юм.

Л.ТӨРБОЛД: ЗҮРХ ДЭЛБЭРЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЯРТАЙ БАЙНА. БАЙРНЫХАА ЭЗЭН БОЛТОЛ ХИЧЭЭН АЖИЛЛАХАА АМЛАЯ

Л.Төрболд, Би “Өнөр бүл” асрамжийн төвөөр овоглодог. Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Надад ийм том боломж олгоно гэж бодож байсангүй. Хичээж ажиллах болно. Манай асрамжийн төвөөс гурван хүүхэд 18 нас хүрээд гарч байгаа. Би МУБИС-д түүх, нийгмийн багшаар суралцах сонирхолтой. Түүх судлах, унших дуртай. Зүрх минь дэлбэрэх гэж байгаа юм шиг баяртай байна. Байрныхаа эзэн болтлоо хичээн ажиллахаа амлаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Засгийн газар 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Харин нийслэлээс хэрэгжүүлж буй орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Ковид-19” цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууцны батламж гардуулсан.

Иргэдийн зүгээс урьдчилгаа төлбөргүй, нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөггүйгээс болж орон сууцтай болох боломж хязгаарлагдмал байдаг. Иймд түрээслээд өмчилдөг хэлбэрээр иргэдээ орон сууцтай болгох ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Ипотекийн зээл, орон сууцжуулах асуудал дээр залуучууд орхигддог. Бид ирээдүй болох залуусаа хэрхэн дэмжих вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Ажлын байраа нэмэгдүүлэх хэрэгтэй. Амьдралд гарч буй залууст дэм болох нь чухал. Зорилтот бүлгийн залууст зориулж энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Цаашдаа нийслэлийн залуучууд, залуу гэр бүлээ дэмжих арга хэмжээнд түүчээ болон ажиллах болно хэмээгээд “Хоёр дүүдээ амжилт хүсье. Сургуулиа амжилттай төгсөөд, сайхан өрх гэрийг үүсгээрэй” гэж ерөөв.

ЦААШДАА АСРАМЖИЙН ТӨВӨӨС ГАРЧ БУЙ БҮХ ХҮҮХДИЙГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЗОРИЛГО ТАВЬЖ БАЙНА

“НОСК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Өнөөдөр маш чухал арга хэмжээ болж байна. Бид хоёр хүүхдээр төлөөлүүлэн ажлаа эхэлж байна. Цаашдаа асрамжийн төвөөс гарч буй бүх хүүхдийг орон сууцанд хамруулах зорилго тавьж байна. Мөн ажилд зуучилж өгнө. Цаашдаа хүүхдүүдийг орлоготой байлгах бодлогыг барьж байна.

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД АНХААРЧ АЖИЛЛАНА

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа “Л.Төрболд, Б.Батдорж нар өнөөдөр орон сууцанд хамрагдах батламж гардахаас гадна ажлын байртай болж байгаа нь маш том дэмжлэг юм. Бид халамжаас хөдөлмөр рүү буюу хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэгчлэн ажлын байр бий болгоход анхаарч ажиллана. Энэ оны зургаадугаар сарын нэгний байдлаар улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн 21 байгууллагад 1069 хүүхэд хүмүүжиж байна. Тэдний 25 хувь нь 15-18 насны залуус байна. Мөн есдүгээр анги төгсөж буй 56 хүүхэд бий. Тэдний 21 нь МСҮТ-д, 35 хүүхэд аравдугаар ангидаа дэвшин суралцах юм” гэлээ.

Leave a Comment