Монголын хувьцаат компаниуд 2019 онд ашигтай ажилласан ногдол ашгаа өнгөрсөн тавдугаар сараас олгож эхэлсэн. Тэдний нэг нь “Эрдэнэс Тавантолгой”. 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй гэх боловч нийт хувьцааных нь 85 хувь нь төрийн мэдлийнх. Тодруулбал, ногдол ашгийн 800 гаруй тэрбум төгрөг улсад үлдсэн 200 хүрэхгүй тэрбум нь 2.5 сая хувьцаа эзэмшигчдэд хүрнэ. 10 гаруй жилийн түүхтэй “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа ногдол ашиг тараахаар болсон. Ногдол ашиг тараахаар тавдугаар сарын 1-ний товлогдсон өдрөөс хойш иргэдийн ихэнх нь дансаа нээлгээгүй байна гэсэн шалтгаанаар бүтэн гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийн нэг их наяд төгрөг бүхэлдээ үнэт цаасны дансанд, түүний дотор иргэдийн авах учиртай 200 тэрбум төгрөг бүтэн төвлөрөөгүй байгаагаас болж иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. 1072 хувьцаа эзэмшигч хүн бүр 96,480 төгрөгийн ногдол ашиг авна. Өрхийн ам бүлээр нь авч үзвэл нэг дор 200, 300 мянган төгрөг гэхээр коронавирустай холбоотой эдийн засаг агшсан хүнд үед иргэдийн амьжиргаанд дэмтэй байх нь дамжиггүй. Иргэдийн хувьд хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй, нээлгэсэн ч банкны дансаа уг данстайгаа холбоогүй, дансны нэр зөрөх зэрэг зөрчил гарч байгаа нь ногдол ашиг олгоход давхар хүндрэл үүсгэсээр байгааг холбогдох байгууллагуудын зүгээс онцолж буй юм.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компани нэг сая орчим иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн гэж мэдээлсэн. Гэвч брокерууд ногдол ашгийг хэзээ хуваарилах эсэх талаар тодорхой мэдээлэлгүй байна. Тус төвийнхөн тавдугаар сарын 15-ны байдлаар 1.8 сая иргэний үнэт цаасны дансыг нээгээд байгаагаа хэлсэн. Үүнээс 700 гаруй мянган иргэний үнэт цаасны данс банкны данстайгаа холбогджээ.“Эрдэнэс Тавантолгой” компаниас эхний ээлжид үнэт цаасны дансаа банкны данстайгаа холбуулсан иргэдийн ногдол ашгийг тараахаар 60 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулжээ. Хэдий тийм боловч Засгийн газраас ногдол ашиг тараах бүх мөнгийг бүхэлд нь уг дансанд төвлөрүүл гэсэн үүрэг даалгавар “Эрдэнэс Тавантолгой”-д өгсөн хэдий ч иргэдийн ногдол ашиг одоо хүртэл сураггүй байгаа юм.

-ХОЁР ДАХЬ БОЛОМЖ ХОЖИМДООГҮЙ-

Амилж буй 1072 хувьцаатай холбоотой эдийн засгийн ач холбогдол нь зөвхөн иргэдийн дансанд ороод зогсохгүй. Хөрөнгө оруулагч хувьцааны ногдол ашгаас гадна хувьцааны үнийн өсөлтөөс өгөөж хүртдэг. Тэгвэл 1072 хувьцааны хувьд хоёр дахь боломж нь зах зээлд бүрдээгүй байна. Иргэд хувьцааны өсөлт, уналтаар дамжуулан хөрөнгийн зах зээлийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх учиртай. 1072 хувьцааны өгөөжийг иргэдэд хүртээх, ногдол ашиг тараах, хэмжээг нь нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн төсвийг үр ашигтай байлгах нь чухал болоод байна. Энэ талаар

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “1072 хувьцааны арилжаа Монголын хөрөнгийн биржид ойрын хугацаанд арилжаа нээгдэнэ гэсэн хүлээлттэй байна”гэв. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой компани сонгодог утгаараа хувьцаат компани болох хэрэгтэй. Хэрэв ногдол ашиг тараахаас өмнө 1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг нь нээсэн бол эдийн засагт илүү бодитой мэдрэгдэх байлаа. Тэр тусмаа хөрөнгийн зах зээлд энэхүү нөлөө харагдах байсан. Эдийн засгийн өсөлт саарсан, аж ахуйн нэгж, хувь хүний орлого багассан, бараа бүтээгдэхүүний борлуулалт тааруу байгаа энэ үед ногдол ашиг тарааж байгаа нь ажлын байраа хадгалах, худалдаа, үйлчилгээний салбараа дэмжихэд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн болгоё гэвэл дотоодын зах зээлд арилжаалах эрхийг нь нээж байж өгөөж нэмэгдэнэ” хэмээн онцоллоо.

Харин “Cover Mongolia” компанийн үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл “1072 хувьцааг дотоодын биржээр арилжаалж эхэлснээр дотоодын хөрөнгийн зах зээлд нөлөө нь шууд мэдрэгдэнэ. Бирж дээр хувьцаа нь одоогоор арилжаалагддаггүй болохоор нөлөө нь бага байна гэсэн үг. Арилжаа бий болсноор иргэдийн дунд хувьцааны талаарх ойлголт нэмэгдэнэ” гэлээ. Олон улсад нүүрсний компаниудын ногдол ашгийн хэмжээ 2018, 2019 онд эрс нэмэгдсэн. Монголд ч ялгаагүй нүүрс олборлож, экспорт хийж буй компаниудын хувьд ашиг, орлогын хэмжээ өндөр жилүүд өнгөрсөн хугацаанд тохиов. Дэлхийн нүүрсний зах зээлийн тэргүүлэгч Coal India Limited, Anglo Ameri- can, BHP Billiton Limited тэргүүтэй компани өрсөлдөөнийг манлайлж байна. Тухайлбал, Coal India Limited компани гэхэд сүүлийн таван жил тасралтгүй ногдол ашиг тарааж, зах зээлийг өнгөлөх болов. Манай улсын хувьд авч үзвэл, 2019 онд хамгийн өндөр дүнтэй борлуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” компани хийсэн.

-ШИНЖЭЭЧИД 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ДҮГНЭСЭН БЭ-

Ногдол ашиг хуваарилах талаар тус компани 2018 оноос хойш мэдэгдэж, нэрийн дансаа баталгаажуулах, дансаа нээлгэх талаар зөвлөж байсан. Мөн олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгаа аймаг, нийслэлд цөөнгүй удаа зохион байгуулсан. Ногдол ашиг олгох шийдвэр гаргах нийгмийн захиалгыг “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ биелүүлсэн гэж болно. 1072 хувьцааны өгөөжийг иргэдэд хүртээх, ногдол ашиг тараах, хэмжээг нь нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн төсвийг үр ашигтай
байлгахад тус холбоо жилийн өмнөөс тодорхой шаардлага тавьж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, олон нийтийг зөв мэдээллээр хангахад анхаарч ирсэн. Тэгвэл үүний үр дүн гарч, хөрөнгийн зах зээлд шинэ соёл бий болж байна. 1072 хувьцааны ач холбогдлын талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр хэлэхдээ

“Хөрөнгийн зах зээлийн түүхэнд чухал үйл явдлын нэг болж байна. 2012 онд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны үр өгөөж, ногдол ашгийг иргэд олон жил харж, хүлээж байсан. Тэгвэл өнөөдөр ногдол ашиг гэж авснаар иргэдийн хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэнэ. Үүнээс гадна олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсрол дагаад сайжирна. Ногдол ашгаараа өөр компанийн хувьцаа худалдан авч, хувьцаагаар ашиг олж сураасай гэж хүсдэг. Сүүлийн үед эдийн засгийн идэвхжил суларснаас болоод хөрөнгийн бирж дээр хувьцаа уналттай байна. Энэ үед хувьцаа аваад дарж болно” хэмээн онцолсон.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ “Олон жил ашиггүй ажилласан компани 2018, 2019 онд ашигтай ажиллаж, цэвэр ашгаасаа ногдол ашиг тараахаар болсон нь ахиц дэвшил. Иргэдийн хувьд хувьцааны нэрийн данс, ногдол ашиг, хөрөнгийн зах зээл гээд тодорхой ойлголтууд эндээс авч байна. Нийт ногдол ашгийн 80 гаруй хувийг төр давамгай хувьцаа эзэмшигчийн үүднээс авахаар байгаа. Үүнийг юунд хэрхэн зарцуулах нь анхаарал татаж байна. Жижиг дунд үйлдвэрийн зээлд зарцуулах уу эсвэл байшин барилгын төсөл эхлүүлээд царцаах уу. Валютын ханш яах вэ гээд нөлөөлөл бий. 1072 хувьцааг дотоодын биржээр арилжаалах эрхийг нь нээх хэрэгтэй. Ингэснээр бүрэн дүүрэн ойлголт иргэдэд бий болно” гэж тэмдэглэсэн юм.

Leave a Comment