Өнөө жил Төрийн наадамд түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн, Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгсийн ээж Нанзадын Норов гуайтай цөөн хором ярилцлаа.

ХҮҮГЭЭ ТҮРҮҮЛЭНГҮҮТ НЬ ХУРДАН УУЛЗАХ САН ГЭЖ ЯАРСААР ИРЛЭЭ

–Сайхан зусаж байна уу, Та. Улаанбаатар хотод хэзээ ирэв?

-Өө, сайхан зусаж байна. Сайхан зусаж байна уу. Би энэ жил нутагтаа наадсан. Хүүгээ улсын аварга болонгуут нь л Улаанбаатарт хурдхан ирж, уулзах юм сан гэж яарлаа. Уг нь энэ сарын 11-нд ирмээр байсан ч онгоцны тасалбар олдоогүй. Тэгээд 16-нд ирлээ. Хүүтэйгээ уулзаад сайхан байна.

-Эх хүний зөн хамгийн мэдрэмжтэй нь гэдэг. Хүүгээ улсын наадамд түрүүлнэ гэх мэдрэмж Танд төрсөн үү?

-Би жил жилийн наадамд хүүгээ түрүүлээсэй гээд дэмждэг, дээлийнх нь захыг мушгидаг. Энэ жил улсын наадамд түрүүлж, аварга цол хүртэж байна, манайд олон хүн ирээд, би хүүгээ тэврээд үнсэж байна гэж наадмын өмнө зүүдлэсэн. Түүнийгээ дүүгийнхээ бэрд л хэлсэн. Наадмын дараа манайхан “Та ёстой айхтар зөнтэй зүүдлэж” гэсэн.

–Зүүднийхээ тухай наадмын өмнө хүүдээ хэлсэн үү?

-Тухайн үед хэлээгүй. Бүр сүүлд, энд (Улаанбаатарт) ирснийхээ дараа л хэлсэн. Хүү минь “Миний ээж яасан сайхан зүүд зүүдлээ вэ” гээд уйлсан.

ХҮҮГИЙНХЭЭ БАРИЛДААНЫГ ЕР ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ

–Та энэ жил нутагтаа наадсан гэсэн. Хүүгийнхээ барилдааныг зурагтаар үзсэн үү?

-Би хүүгийнхээ барилдааныг ер үзэж чаддаггүй. Даваа эхлэнгүүт, ам авангуут нь л нөгөө өрөө рүү орчихдог. “Бүрэнтөгс давчихлаа” гэхээр нь гарч ирдэг. Энэ жил ч мөн тэглээ. Увсаас ирсэн өдрөө хүүтэйгээ шөнөжин ярилцаж хонолоо.

–Ээж, хүү хоёр юуны талаар ихэвчлэн ярилцав?

-Барилдааныг нь үзэж чадахгүй, нөгөө өрөө рүү орсноо хэлсэн. Хүү минь “Аргагүй ээ. Миний ээж харин ч зөв. Би унаад, та цочирдвол яана” гэсэн.

–П.Бүрэнтөгс аварга өмнө нь улсын наадамд түрүүлж, үзүүрлээд байсан. Тэр жилүүдийн наадмыг ч мөн зурагтаар үзээгүй юү?

-Тийм ээ. Өвгөн маань ч гэсэн хүүгийнхээ барилдааныг үзэж чаддаггүй байсан. Наадам дөхөөд ирэхээр манайх зурагтаа хураачихдаг байлаа. Тэгчихээд л цайныхаа дээжийг өргөөд сууна. Манай өвгөн мал эргүүлнэ, би үнээгээ саана. Саахалтын хүмүүс “Хүү нь тэд давчихлаа” гэхээр нь ерөнхий мэдээлэл авна. Хүүгээ 2012 онд түрүүлсэн барилдааныг бүр сүүлд нь үзсэн. Хүү минь надад CD дээр хуулж өгсөн.

Хүүгээ 2012 онд улсын наадамд анх удаа түрүүлэхэд нь магнайгаа хагартал баярласан. “Хүү минь нялхаараа улсын арслан цол хүртлээ” гэж бодсон. Манай сумынхан бөөн баяр. Улаанбаатарт, хүү дээрээ хурдан ирье гэж зөндөө яарсан. Тэгж байтал хүү нутагтаа очихоор болов. Аймагтаа ирэнгүүт нь тоссон.

Яг тэгээд хүүгээ хүлээхээр цаг ёстой явдаггүй юм билээ. Өвгөн бид хоёр шөнө босон, цай чанаад хүүгээ хүлээсэн. Хүүдээ “За, хүү минь олон түмний хайр, хүндлэлийг дааж яваарай. Амжилтдаа ханаж болохгүй. Даруу, төлөв зан л хүнийг өөднө татдаг юм шүү” гэж захидаг байлаа. Хүүгээ энэ жил улсын наадамд түрүүлэхэд нь арай гайгүй сандарлаа.

-Аваргын ээж буурь сууж байгаа юм болов уу?

-Харин ээ, тэгж байгаа юм болов уу (инээв). Одоо овоо дасаж байна.

ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХДАА ӨВГӨНӨӨ ИХ ҮГҮЙЛЛЭЭ

–Өнөө жил нэг нутгийн хоёр хүчтэн түрүү булаалдсан. Н.Батсуурь аваргатай барилдахынх нь өмнө танд юу бодогдож байв?

-“Нэг нутгийн хоёр хүү үлдлээ. Аз нь л мэднэ” гэж бодсон. Мэдээж хүүгээ илүү дэмжилгүй яах вэ. Улсын наадамд түрүүлээд, аварга цол хүртэн зогсоход нь хүүгээрээ үнэхээр бахархлаа.

Улаанбаатарт ирээд, хүүтэйгээ уулзахдаа өвгөнөө их бодлоо, үгүйллээ. Амьд сэрүүн байсан бол хүүгээрээ их бахархах байсан даа. Өвгөн минь 1992 онд Монгол Улсын аварга малчин болсон. Хүү минь аавынхаа аварга цолыг 28 жилийн дараа хүртлээ.

–Одоо та Давст сумандаа амьдарч байгаа юу?

-Увс аймгийн төвд. Ер нь энд ирэн, очин байдаг. Хүү дээрээ ирж хэдэн сар болчихоод буцна. Тэнд очиж хэдэн сар болчихоод ирдэг.

ХҮҮ МИНЬ УЛСЫН АВАРГА БОЛСОН Ч ЭЭДЖЭЭ НЯЛХ ХЭВЭЭРЭЭ

–Аварга таны отгон хүүхэд. Ер нь хэр эрх вэ?

-Хүү минь улсын наадамд хоёр түрүүлж, аварга цол хүртсэн ч ээждээ нялх хэвээрээ. Энд ирэхээрээ хүүгээ өвөртөлж унтдаг. Хүү минь багаасаа эрх өссөн. Ээждээ хоёрдугаар одон дагуулж ирсэн үр минь.

–Отгон, одонгийн хүү нь болохоор та аваргад илүү амь уу?

-Илүү, илүү. Бусад хүүхдээсээ хамаагүй илүү амь. Багадаа өвгөн бид хоёрыг байнга дагаж явдаг байлаа. Аймгийн төв орчихоод ирэхэд бүр саахалтын газраас тосоод угтана. Зам дээр намайг хүлээгээд суудаг байлаа. Тэгээд л үсрээд, сундалдчихна. Манай нутгийнхан хүү бид хоёрыг “Сундалдаат” гэдэг байлаа.

ХҮҮГИЙНХЭЭ ДАРУУ ЗАНГААР БАХАРХДАГ

–Хүүгийнхээ юугаар нь та их бахархдаг вэ?

-Даруу, төлөв зангаар нь. Хүн нэг юм хэлэхэд чих зөөлөнтэй. Үргэлж инээж явдаг. Олон түмний хайр хүндлэлийг сэвтээлгүй дааж явахыг хүүдээ захидаг. Үнэндээ энэ тал дээр хүүдээ ер санаа зовдоггүй.

–Та хэзээ нутаг буцах вэ?

-Манай нутгийнхан “Та хоёр хэзээ ирэх вэ” гээд л асуугаад байна. Наадмаас хойш хэд хоног утсанд ёстой чөлөө зайгүй дуудлага ирсэн. Наймдугаар сарын 6-нд хүүтэйгээ хамт буцна.

Leave a Comment