БСШУСЯ, “Боловсрол суваг” телевизтэй хамтран анх удаа зохион байгуулсан Монгол Улсын шилдэг багшийг шалгаруулах “Би багш” нэвтрүүлэгт түрүүлсэн Б.Аюуш багштай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ярилцсанаа сэргээн нийтлэв.

“Хань минь 16 жилийн өмнө автын осолд орж, өрөөсөн гар нь мэдээгүй болсон. Би өглөө бүр цайны дээжээ өргөхдөө “Хоёр хүүгийн минь аавын, ханийн минь гарыг эдгээж өгөөрэй” гэж залбирдаг. Үүнийг минь бурхан сонссон бололтой. Манай хамаатнуудын, ах дүүсийн итгэл алдарсан. Би нэг ч удаа “Боломжгүй боллоо” гэж бодож байгаагүй. “Би багш” уралдаанд түрүүлж, 100 сая төгрөгөөр шагнуулснаар ханийнхаа гарыг эмчлүүлж, олон жил тээсэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо” хэмээсэн түүнийг Ц.Аюуш гэдэг.

БСШУСЯ, “Боловсрол суваг” телевизтэй хамтран анх удаа зохион байгуулсан Монгол Улсын шилдэг багшийг шалгаруулах “Би багш” нэвтрүүлэгт тэрбээр хөдөө орон нутгаас тэр тусмаа буйдхан сумаас оролцоод түрүүлсэн юм. Орон нутагт сайхан амьдрах, амжилт гаргах боломжтойг үлгэрлэн, 100 сая төгрөгөөр шагнуулсан Ц.Аюуш Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн бага ангийн багш. Түүнтэй ярилцлаа.

ТҮРҮҮЛЭХ ТУХАЙ БОДОЛ НАДАД ОГТ ТӨРӨӨГҮЙ

-Та “Би багш” нэвтрүүлэгт түрүүлснийхээ маргааш нь нутагтаа очсон юм билээ. Ганцхан хоногийн дараа Улаанбаатар хотод ямар ажлаар ирэв?

-Нутгийнхан минь намайг үнэхээр сайхан угтлаа. Намайг түрүүлсэнд Сэлэнгэ даяараа баярласан гэнэ лээ. Их сайхан урам авлаа. Сэтгэл хөдлөөд, багш мэргэжлийг сонгосноороо их бахархаж байна. Сумдаа очин, гэртээ нэг хоносон. Өчигдөр (уржигдар) Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас урин, Сэлэнгэ аймгийн шилдэг багш гэсэн тэмдгээр шагнасан. Мөн Сэлэнгийн БСУГ-ын хүндэт дэвтэрт гарын үсэг зурлаа. Тэгээд Улаанбаатар хотод өнөө өглөө (өчигдөр) ирлээ. Хөөцөлдөх ажил цөөнгүй байсаан. Бас та нарын даалгавраар ирлээ. Одоо даалгавраа биелүүлээд сууж байгаа маань энэ (инээв).

-Тус нэвтрүүлэгт ямар зорилготой оролцов. Түрүүлнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байв?

-Би ерөөсөө түрүүлэхийн төлөө зүтгэж, шунаагүй. Би залуу хүн. Надад сурах, бусдаас үлгэрлэх юм их бий. Тиймээс туршлага судлах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд энэ шоунд оролцсон юм. Түүнээс биш шилдэг болох талаар огт бодоогүй. Зүгээр л даалгавар бүрийг сайн гүйцэтгэхийг хичээсэн. Би эхлээд сумаасаа, дараа нь аймгаасаа шалгарсан. “Би багш” уралдааны шигшээд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод шалгарсан шилдэг 30 багш өрсөлдлөө. Би аймгаа төлөөлөн оролцсон болохоор их хариуцлагатай байсан. Тиймээс шилдэг болохын төлөө бус даалгавраа л сайн гүйцэтгэхийн төлөө хичээсэн.

–Багш бүхэн өөр өөрийн гэсэн арга барилтай, бусдаасаа өвөрмөц. Та тэднээс юугаараа ялгаатай, давуу байв?

-Түрүүлэх бус даалгавар бүрээ чанартай гүйцэтгэхийн төлөө өрсөлдсөн нь надад давуу тал болсон юм шиг байна лээ. Тэр хэрээр сандарч тэвдээгүй, тайван оролцсон.

МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАГШААР ТОДРОХДОО ЭЭЖИЙГЭЭ БОДСОН

–Шилдэг дөрөвт шалгарсныхаа дараа ч түрүүлэх, шилдэг болох талаар бодоогүй хэрэг үү?

-Тийм ээ, тэгж огт бодогдоогүй. Хамгийн сүүлчийн даалгаврыг гүйцэтгэхдээ өөрийнхөө амьдралаас жишээ татан ярьсан нь хүмүүст их хүрсэн бололтой. Өөртөө дүгнэлт хийн, бага ангийнханд заадаг арга барил талаасаа илтгэлдээ түлхүү тусгасан.

–Шилдгээр шалгарч, нулимс дуслуулан зогсох мөчид юу бодогдох юм бэ?

-Түрүүн хэлсэнчлэн шилдгээр шалгарна гэж огт бодоогүй байсан болохоор ёстой шоконд орсон. Намайг шилдгээр зарлахад өөрийн эрхгүй уйлчихсан. Миний энэ амжилтад олон хүний дэмжлэг, туслалцаа бий. Манай сумынхан, манай сургуулийнхан, манай гэр бүлийнхэн ёстой тултал нь дэмжсэн шүү дээ. Шагналаа гардаж авах мөчид ээжийгээ бодлоо. Хамгийн түрүүнд ээжтэйгээ уулзахыг, “Охин нь чадлаа” гээд тэврэхийг хүссэн.

–Тухайн үед таны ээж Улаанбаатарт ирээд охиноо дэмжсэн үү. Эсвэл нутагтаа байсан уу?

-Шоуны эцсийн шатанд өрсөлдөхөд манай сургуулийн захирал, хоёр менежер, хань минь Улаанбаатарт ирж, намайг дэмжсэн юм. Ээж охиныг минь хараад Сэлэнгэд үлдсэн байсан. “Би багш”-ийг зурагтаар үзэн, охиноо дэмжээд суусан гэнэ лээ.

–Шоуны дараа нутагтаа очоод ирэхдээ ээжтэйгээ уулзаж амжсан уу?

-Уулзсаан. Ямар ч их ажилтай байсан заавал зав гаргаад ээждээ очилгүй яах вэ.

–Шоуны аль хэсэг, ямар даалгавар хамгийн хүнд байв?

-Хамгийн бага оноо авч, хасагдах шахсан болоод ч тэр үү онцгой байдлын дуут дохиог ажиллуулах хэцүү байсан. Золтой хасагдчихаагүй. Даалгавраа дутуу биелүүлж, хасагдах шахсан болохоор сэтгэлд их тод үлдэж.

–Багш болох таны багын мөрөөдөл байв уу. Эсвэл хэн нэгний зөвлөсний дагуу энэ мэргэжлийг сонгосон уу?

– Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Нэгдүгээр ангид ороод багшийгаа их биширч билээ. Тэгээд багш болохоор шийдсэн юм. Манай ангид Баатартөгс багш хичээл ордог байлаа. Одоо дөрөвдүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Баатартөгс багш аливаа юмны мөн чанарыг их сайн тайлбарлаж өгдөг байсан юм. Юмыг хоёр талаас нь харахыг захидаг байж билээ.

ИХ СУРГУУЛИА ТӨГССӨНИЙ ДАРАА ХУВИЙН КОМПАНИД АЖИЛЛАСАН

-Та МУИС, МУБИС-ийг төгссөн. Их сургуулиа төгсөөд л шууд нутагтаа очиж ажилласан юм уу?

-Тэгээгүй ээ. Их сургууль төгссөнийхөө дараа Улаанбаатар хотод нэгэн хувийн компанид ажиллаж байсан. Хань минь айлын бага. Ээжтэйгээ цуг амьдаръя, ижийгээ асаръя гээд нутагтаа очиж амьдрах санал гаргасан юм. Тэгээд би ажлаасаа гарч, манайх Мандал суманд нүүж очсон юм, 2014 онд.

–Ажлаасаа гарах, хөдөө орон нутаг руу нүүх амаргүй байсан нь мэдээж. Та хэр эргэлзсэн бэ?

-Эргэлзээгүй. Надад ямар нэгэн эргэлзэх шалтгаан байгаагүй. Нутагтаа очно, аав, ээжтэйгээ ойрхон амьдарна гэж бодохоор харин ч эсрэгээрээ сайхан санагдсан.

–Нутагтаа очингуутаа гуравдугаар сургуульд багшаар орсон уу. Эсвэл хэсэг хугацаанд өөр ажил хийсэн юм уу?

-Шууд орсон. Надтай хамт цөөнгүй багш шалгалт өгсөн гэнэ лээ. Тэднээс би тэнцсэн юм. Ажлын гараагаа нэгдүгээр анги дааж авч байлаа. “Би багш”-т түрүүлж, Баатарбилэг сайдаас шагналаа гардаж авахдаа зөв шийдвэр гаргаснаа улам ухаарлаа. Орон нутагт ажиллаж, амьдран, боловсролын үр тарьж яваагаараа бахархсан.

-Төгсөөд шууд багшлаагүй болохоор нэлээд төсөөрсөн байсан болов уу. Дасахад хамгийн хэцүү нь юу байв?

-Зөндөө байсаан. Намайг гуравдугаар сургуульд ажилд ордог жил цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Тус хөтөлбөрийн сургалтыг алгасаагүй. Улаанбаатар хувийнхаа зардлаар ирээд л хамрагддаг байлаа. Манай ангийнхан биеийн тамир, дуу хөгжлийн хичээлтэй үед би өөр багшийн хичээлд сууж, туршлага, арга барилаас нь суралцдаг байв. Би таны хичээл дээр сууж гээд гуйна. Заримд нь төвөгтэй байсан байж магадгүй.

Ц.Аюуш багшийн илтгэлийг 11.30-аас хойш үзээрэй.
Шавь нар маань надаас болоод, миний ур чадвараас шалтгаалаад тааруу сурах вий гэж их эмээдэг байлаа. Одоо ч гэсэн хэвээрээ. Би өглөө бүр ангийнхныгаа бүртгэж, хэн нэгэн ирээгүй бол эцэг, эхээс нь заавал асуудаг. Мандал сум буйдхан. Тийм болохоор нэг, хоёрдугаар ангийнхны эцэг, эхчүүд хүүхдээ хүргэж өгдөг. Гуравдугаар ангиас нь гүйлгэчихдэг. Хичээлдээ явж байхад нь тухайн хүүхдэд ямар нэгэн юм тохиолдвол яах вэ. Эцэг, эх нь хичээлдээ оччихсон гэж бодно. Би өнөөдөр хичээлд нь явуулаагүй юм байлгүй гэнэ. Тэгсний улмаас хүүхдэд ямар нэгэн эрсдэл учрахаас сэргийлэхийн тулд тэгдэг юм аа.

МАНАЙ АНГИ 39 СУРАГЧТАЙ

-Одоо та хэддүгээр ангид багшилдаг вэ?

-Би гуравдугаар ангийн багш. Манай анги 39 сурагчтай. Манай сургууль 540 хүүхдийн багтаамжтай. Гэхдээ одоогоор 1500 гаруй хүүхэд сурдаг. Аймагтаа даац нь хамгийн их хэтэрсэн сургууль л даа. Багш хүн хүүхэд бүртэй тулж ажиллан, ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулах учиртай. Заасныг сурдаггүй, өөрийн болгодоггүй хүүхэд гэж байхгүй. Тухайн багшийн заах арга барил, хичээл зүтгэлээс их зүйл шалтгаална.

Манай сургуулийн багш нар багаар ажиллах чадвар сайтай. Хүүхэд бүрийг багаас нь зөв хүмүүжүүлж, хөгжүүлж чаддаг. Урлаг, спортын дугуйланд бүх хүүхдийг, ангиар нь хамруулдаг. Үүгээрээ бусад сургуулиас эрс ялгардаг.

-Танай сургуулийн хувьд цалин хангамж, ажиллах боломж, нөхцөл хэр байна вэ?

-Багш нар ачаалалтай ажиллаж, хөдөлмөрлөж байгаагийнхаа хэрээр цалин авч чаддаггүй. Ялангуяа бага ангийн багш нар. Аль ч сургуулийн багш адил. Бага ангийн багш нарын ажлын ачаалал их. Уншиж, бичиж, бодуулж сургахаас авхуулаад, бага насны хүүхэдтэй харилцах, хүмүүжүүлэхэд илүү их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг. Харанхуй болохоос өмнө харих нь хуруу дарам. Ганцхан би бус Монголын бүх багш тийм нөхцөлд ажиллаж байна. Тэгэхээр үүнд тохирсон цалинг Монголын аль ч сургууль өгч чадахгүй байгаа гэж боддог.

–Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө 7.30 минутад ажилдаа очно. Манай ангийнхны хичээл 12.20 минутад тардаг. Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд өдөр бүр нэмэлт цагаар давтлага өгдөг. Маргаашийнхаа хичээлийг бэлдэхээс авхуулаад бас бус ажил зөндөө. Тиймэрхүү юмнуудаа хийсээр байгаад ихэвчлэн 19.00-20.00 цагт харьдаг. За, тэгээд ямар нэгэн уралдаан, тэмцээнтэй, урлагийн үзлэг, олимпиадтай үед бүр ч оройтно. Тэр бүхэнд хань минь намайг маш сайн ойлгож, дэмждэг. Ер нь сайн дэмждэг, ойлгодог ханьтай хүний хийх ажил, бага ангийн багш.

ОРОН НУТАГТ АМЬДРАХ САЙХАН

–Сүүлийн үед хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой залуус цөөрөөд байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хөдөө орон нутагт амьдрах сайхан. Олон давуу талтай. Их сайхан тайван амгалан амьдардаг шүү дээ. Улаанбаатар хотод стресс ихтэй. Замын түгжрэлээс авхуулаад бухимдах юм их бий. Би өнөөдөр хоёр ажил амжуулаад л өдөр өнгөрчихлөө. Түгжирч явсаар байтал таарав. Хөдөө тийм юм байхгүй. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар Улаанбаатарынхтай адил цалин авдаг. Бидэнд нэг давуу тал бий. Таван жил тутамд хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл өгдөг.

ШАВЬ НАРАА ИХ САНАЖ БАС САНАА ЗОВЖ БАЙНА

–“Би багш” сар гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд ангийнхныг нь өөр багш түр хариуцаж байгаа юу?

-Тийм ээ. Тэр яаж байгаа бол, энэ хичээлээ хийж байгаа болов уу гэж санаа их зовж байна. Зарим хүүхэд хичээлээ өөрөө хийдэг. Багшаараа заавал хэлүүлж байж хийдэг нь ч бий. Одоо орж байгаа багш манай ангийнхны зан ааш, онцлогийг мэдэхгүй. Манай сургуулийн багш нар ур чадвартай, сэтгэлтэй ч гэсэн шавь нарыгаа яаж байгаа бол гэж санаа их зовох юм.

–Шагналын 100 сая төгрөгөөрөө юу хийх вэ. Төлөвлөж амжсан уу?

-Төлөвлөж амжсаан. Ер нь бодсон юм их бий. Юуны түрүүнд цалингийн зээлээ дарна. Дараа нь заавал амжуулах нэг ажил бий.

ХАНИЙНХАА ГАРЫГ Л ЭДГЭЭЧИХВЭЛ ӨӨР ХҮСЭХ ЮМ АЛГА

–Тэр ажлынхаа талаар тодруулахгүй юу?

-Хань минь 16 жилийн өмнө автын осолд орж, өрөөсөн гар нь мэдээгүй болсон. Ослын дараа хоёр жил гаруй эмчлүүлсний үр дүнд хөл дээрээ боссон, нөхөр маань. Гарыг нь Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Гадаад явж эмчлүүлье гэхээр санхүүгийн бэрхшээлтэй тулгарчхаад байсан юм. Нөхрийнхөө гарыг эмчлүүлэхийн төлөө би төдийгөөс өдий хүртэл маш олон жил зүтгэж явна. Би өглөө бүр цайны дээжээ өргөхдөө “Хоёр хүүгийн минь аавын, ханийн минь гарыг эдгээж өгөөрэй” гэж залбирдаг. Үүнийг минь бурхан сонссон бололтой.

Манай хамаатнуудын, ах дүүсийн итгэл алдарсан. Би нэг ч удаа “Боломжгүй боллоо” гэж бодож байгаагүй. Хань минь үнэхээр сэтгэлийн тэнхээтэй, дайчин, халамжтай. Заримдаа би нэг гараараа гутлаа үдэж, хоолоо хийдэг. Ханийнхаа зовлонг ойлгож, өөрөө мэдрэхийг хичээж байгаа нь тэр. “Би багш” уралдаанд түрүүлж, 100 сая төгрөгөөр шагнуулснаар ханийнхаа гарыг эмчлүүлж, олон жил тээсэн мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо. Намайг дэмжиж байсан монгол түмэндээ, нутгийнхандаа, С.Тулга захиралтай сургуулийнхаа хамт олонд, шавь нартаа, аав, ээждээ, ханьдаа их баярлалаа.

-Одоо бүрэн эдгэрэх, эмчлэх боломж бий юү?

-Би боломжтой л гэж бодож байна. Ямар ч байсан эмчлүүлэхийн төлөө эцсийг нь хүртэл явна. Хэрвээ ханийн минь гар эдгэчихвэл бид хоёрын амьдралд маш гайхамшигтай зүйл болно, өөр хүсэх юм алга. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

-Дараа жил дэлхийн багш нарын уралдаанд Монголоо төлөөлж оролцоно. Та хэзээнээс бэлдэж эхлэх вэ?

-Энэ их үүрэг, хариуцлага, нэр хүндийг дааж явах их чухал. Тиймээс одоогоос англи хэлний мэдлэгээ ахиулна. Эртнээс бага багаар бэлдсэн нь дээр.

–Та ажилдаа хэзээ орох вэ?

-Маргааш (өнөөдөр). Уг нь өнгөрсөн даваа гаригт ажилдаа орох байсан юм. Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрынхан урьсан, одоо энд (Улаанбаатарт) ажилтай яваа болохоор амжсангүй. Шавь нараа их санаж байна. Тэд маань ч бас намайг санаж байна, хурдан ирээрэй гэсэн.

-Нутаг руугаа хэзээ буцах вэ?

-Өнөө оройны вагоноор Сэлэнгэ рүү явах бодолтой байна. Ажил амжих нь уу, үгүй юү. Сая нутагтаа очихдоо сургууль дээрээ очиж, ангийнхантайгаа уулзаж амжаагүй. Шавь нартайгаа уулзах сан гэж яарч байна. Гэтэл манай аймагт хорио цээр тогтоосон сурагтай. Ямар ч байсан маргааш ажил дээрээ очно оо.

Leave a Comment