БНХАУ дахь шашны эрх чөлөө, хүний эрхийн асуудлаар дагнан бичдэг “Bitter Winter” сэтгүүл Өвөр Монголын Өөртөө Засах Оронд явагдаж буй соёлын геноцидын асуудлаар АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Энхэбату Тогочогтой хийсэн ярилцлагыг эмхтгэн хүргэж байна. Тэрээр монгол хүний хувьд “Inner Mongolia” бус “Southern Mongolia” гэх нэршлийг илүүд үздэг талаараа онцолсон юм.

-Та өөрийнхөө түүхийг хуваалцахгүй юу. Та яагаад Нью-Йоркод үйл ажиллагаагаа явуулах болсон юм бэ? Би Өмнөд Монголд төрсөн. Өвөр Монгол ч гэдэг. “Inner Mongolia” гэдэг нь Хятад хэлний “Nei Mong Gu” гэх нэр томьёоны шууд орчуулга юм. Би монгол хэлээр боловсрол эзэмшсэн. 1994 онд Өвөр Монголын их сургуулийн монгол хэл, утга зохиолын тэнхимийг төгссөн. Сургуулиа төгсөөд дөрвөн жил ажилласныхаа дараа нийгэм судлалын чиглэлээр суралцахаар Японы Киби олон улсын их сургуульд элссэн ч аравдугаар сард нь АНУ-д ирж улс төрийн орогнол авсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Нью-Йорк хотод амьдарч байна. Би Нью-Йорк хотын коллежийг шинжлэх ухааны бакалавр болон магистр зэрэгтэй төгссөн.

-Түүх бүр өөрийн гэсэн улс төрийн шинж чанар, агуулгатай байдаг. Тэр ч утгаараа Хятадын зарим судлаачид өнөөгийн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орон төдийгүй тусгаар тогтносон Монгол Улс гээд Монголыг бүхэлд нь хятадын бүрэлдэхүүн гэж үздэг. Эсвэл Хятад өөрөө Монголын нэг хэсэг үү?  Харамсалтай нь, Хятадын эрдэмтэн, судлаачдын дийлэнх нь газар нутаг, үндэсний хил хязгаарын асуудалд баттай мэдлэг, мэдээлэлгүй, ухамсаргүй, оюуны булингартай өнцгөөр ханддаг. Логикийн хувьд БНХАУ дэлхийн аль ч орны нутаг дэвсгэрийг өөрийн газар нутаг гэж зарга мэдүүлэх боломжтой. Гэвч түүхэн талаасаа Монгол Улс Хятадын нэг хэсэг байх ямар ч боломжгүй. Учир нь Хятадууд 2000 гаруй жилийн турш Монголтой үндэсний хил хязгаараа зурах гээд завгүй явсан улс. Үүний нэг бодит жишээ бол задгай сансраас харагдах цорын ганц хүний гараар бүтсэн байгууламж болох Цагаан хэрэм юм. Үндсэндээ сүүлийн 2000 жилийн хугацаанд Хятадын эзэнт гүрэн бүр Цагаан хэрмийг байгуулж, сэргээн босгон, бэхжүүлсээр ирсэн нь Монголтой үндэснийхээ хил хязгаарыг дахин тогтоох зорилготой. Мөн Цагаан хэрэм нь дан ганц Монгол болон Хятад үндэстнүүдийн түүхэн хил хязгаар байгаад зогсохгүй хөдөө аж ахуй, газар тариалан зонхилсон суурин ба бэлчээрийн мал аж ахуйд суурилсан нүүдэлчин гэх хоёр өөр соёл иргэншил, амьдралын хоёр өөр хэв маягийн хил хязгаар юм. Хүн төрөлхтний түүхэнд Монгол, Хятад хоёр шиг үндэстнийхээ хил хязгаарыг ингэж тодорхой заагласан хөрш орнууд өөр байдаггүй.

Монгол бол Хятадын нэг хэсэг гэх асуудал дээр Хятадын эрдэмтэн, судлаачдын гарган тавьдаг хамгийн утгагүй үндэслэлүүдийн нэг нь манай “Zhonghua Minzu” үндэсний баатар Чингис хаан Евразийн ихэнх хэсгийг эзлэн авч, Хятадын нутаг дэвсгэрийн хилийг Европ руу тэлсэн гэх явдал. “Zhonghua Minzu” нь Хан үндэстэнтэй нийлээд Монгол, Төвд, Манж болон Исламын шашинт дөрвөн том үндэстэн Хятадыг бүрдүүлдэг гэх 1912-1927 онд бий болсон Хятадын үндсэрхэг үзлийн гол нэр томьёо юм. Өөрсдийн судлаачдын энэхүү утгагүй бөгөөд ичгүүргүй байдлаас ичсэн Хятадын нэрт зохиолч Лу Сюн “Хэрэв аливаа үндэстэн өөрсдийн боолчлогдон, эзлэгдэж явсан түүхээ умартан Чингис хааныг өөрийн баатар хэмээн зарлах аваас Оросууд Чингис хааныг өөрсдийн баатар гэж өргөмжлөх нь илүү үнэмшилтэй сонсогдоно. Учир нь Монголчууд Хятадаас илүү Оросыг удаан захирч байсан” гэж бичсэн байдаг.

-Та “Inner Mongolia” гэдгээс илүү “Southern Mongolia” гэх нэр томьёог илүүд үздэг гэсэн. Яагаад Учир нь “Inner Mongolia” гэдэг бол Монголын өмнөд хэсгийг Хятадын нэг хэсэг гэхийн тулд гүнзгий суртал ухуулгын үндсэн дээр бий болсон Хятад төвтэй нэр томьёо юм. Монгол хэлэнд бид өөрсдийгөө Өвөр Монгол гэдэг. Энэ нь “Өмнөд Монгол” буюу “Монголын өмнөд хэсэг” гэсэн утгатай. Харин “Inner” гэх үгэнд Монгол хэлний “өвөр” гэх үгийн ямар ч утга агуулагдаагүй. Хятадууд “өвөр” гэх үгийг зориудаар гуйвуулж, Хятад хэлний “Nei” буюу “дотор” гэх үгээр “хятадын дотор” оршдог гэх санааг агуулж байхаар орчуулсан. Уламжлалтаар “Ар Монгол”, “Хойд Монгол” буюу бүрэн эрхт, тусгаар Монгол Улсад “Архангай”, “Өвөрхангай” гэх хоёр аймаг бий. Эдгээр нь Англи хэлэнд “Northern Khangai” болон “Southern Khangai” гэж зөв орчуулагддаг. Тиймээс тусгаар Монголд Хятадын манипуляци байхгүйд талархах нь зүйтэй. Энэ талаарх нэмэлт мэдээллүүдийг миний эрдэм шинжилгээний хурлуудад тавьж байсан илтгэлүүдээс олж авах боломжтой. 

-Монгол Улс ЗХУ-ын нөлөөгөөр кирилл бичигт шилжсэн. Харин Өвөр Монголын хувьд эртний босоо бичиг буюу монгол хэл, бичгээ хадгалан үлдэж чадсан гэдгээрээ өөрсдийн уламжлалт, үнэт өвийг тээгч болж байна. Та бидэнд өөрийн эх хэлнийхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Монгол Улс, Өвөр Монгол, Буриад болон Халимгийн 10 сая орчим монголчуудын ярьдаг монгол хэл нь Алтайн хэлний язгуурт багтддаг. Монголын эртний түүхэн баримтуудад дурдсанаар XIII зуунд Уйгур бичгээс эртний монгол буюу сонгодог монгол бичгийг үндэслэсэн байдаг. Зарим хэл шинжлэлийн ухааны судлаачид Монголчууд XIII зуунаас хэдэн зууны өмнөөс эхлэн монгол бичгийг ашиглаж байсан гэж үздэг. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн болох Их Монголын эзэнт гүрний үед монгол бичиг нь нэгэн цагт “Lingua franca” буюу дэлхийн ард түмний дунд хамгийн түгээмэл ашиглагддаг, гүүр хэл байсан.

Тухайлбал, Их Монголын эзэнт гүрэн ба Германы франкууд хоорондоо харилцаж байсан дипломат захидлууд монгол хэлээр бичигдсэн байдаг нь хадгалагдан үлдсэн. Мөн Монголын хангуудаас Ромын пап ламд бичсэн монгол хэл дээрх захидлууд Ватиканы архиваас олдсон байдаг. Өөр нэг тодорхой жишээ бол Ил Хаант улсын Өлзийт хаан Францын IV Филиппэд бичсэн захидал монгол хэл дээр бичигдсэн байдаг. Бүр Их Монгол Улс бутарсны дараа Хятадын Мин гүрэн Еврази даяар тогтсон хүчтэй нөлөөний улмаас дипломат харилцаандаа монгол хэлийг ашиглах шаардлагатай болсон байдаг.

Сонгодог монгол бичиг нь өргөн уудам нутагт тархсан өөр өөр монгол аялгыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харамсалтай нь Дэлхийн II дайны дараа Монгол Улс хоёр том хэсэгт хуваагдсан. Хойд Монгол буюу БНМАУ, Буриад, Тува улсууд ЗХУ-ын нөлөөн доор орсон бол Ялтын гэрээний үр дүнд Өмнөд Монгол БНХАУ-д нэгдсэн. Хойд Монголчууд Зөвлөлтийн шахалтын улмаас сонгодог монгол бичгээсээ татгалзаж кирилл бичигт шилжихээс өөр аргагүй болсон. Харин Хятадууд хоёр Монголын хооронд жигд харилцаа тогтож, эргэн нэгтгэхгүй байлгах үүднээс өөр өөр бичиг ашиглаж байгаад баяртай байдаг.  

-Хятадын Коммунист намын эрх баригчид Өмнөд Монголд монгол бичиг ашиглах байдлыг хязгаарлах бодлого хэрэгжүүлж эхэлснээр таны эх хэлэнд аюул нүүрлээд байгаа талаар бид дуулсан. Та энэ талаар илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Хятадын эрх баригчид түрүү сард ирэх есдүгээр сарын 1 буюу шинэ хичээлийн жилээс эхлэн Өвөр Монголын хамгийн их хүн амтай Тунляо аймгийн бага, дунд сургуулиудад хятад хэлийг сургалтын гол хэл болгон ашиглах ёстой гэх шийдвэрийг танилцуулсан. Өөрөөр хэлбэл, мянган жилийн настай сонгодог монгол хэл, бичиг Өмнөд Монголтойгоо хамт тун удахгүй устан үгүй болох аюул нүүрлээд байна. 1960-1970 оны хооронд явагдсан томоохон хэмжээний аймшигт геноцид, сүүлийн 30 жилийн хугацаанд хийгдсэн соёлын геноцидын дараа Өвөр Монголчуудын хувьд үндэсний өвөрмөц байдлаа хадгалан үлдэх сүүлийн бэхлэлт нь монгол бичиг болж үлдсэн. Тиймээс Хятадын эрх баригчдын энэхүү бодлогыг Өвөр Монголын ард түмэн бүхэлдээ эсэргүүцэж байгаа. Одоогоор Хятадын Засгийн газар энэхүү үйл ажиллагаагаа зогсоох ямар ч шинж тэмдэг байхгүй байна.

-Соёлын хувьсгалын үеэр Өвөр Монголчууд маш их хохирол амсаж, зовж зүдэрсан байдаг. Түүхийг эргэн сөхвөл тухайн үед яг юу болсон юм бол. Хэдий орчим хүн амь насаа алдсан бэ? Соёлын хувьсгалын үеэр хамгийн багадаа 100 мянган Өвөр Монголчууд алагдаж, хагас сая орчим нь хэлмэгдэж, хавчигдан гадуурхагдсан байдаг. Тухайн үед Өвөр Монголын нийт хүн ам ердөө 1.5 сая байсан. Өөрөөр хэлбэл гурван монгол хүн тутмын нэг нь геноцидод өртсөн гэсэн үг юм. Тэрхүү “Өвөр Монголын Ардын хувьсгалт намын гишүүдээ цэвэрлэе” гэх уриатай геноцид кампанит үйл ажиллагааг Хятадын төв Засгийн газар боловсруулан зохион байгуулж, Хятадын Ардын чөлөөлөх арми болон Өмнөд Монголд суурьшсан Хятадууд хэрэгжүүлэн гүйцэтгэсэн. Үүний гол зорилго нь Өвөр Монголын ард түмнийг бүхэлд нь бие махбод болон оюун санааны хувьд үндэсний язгуураас нь тусгаарлан, салгах явдал байсан юм.

Японы монгол судлаач профессор Ян Хайиний бичсэн “Монголын тал нутаг дахь геноцид” номыг би орчуулсан. Энэхүү номонд хэлмэгдэлтээс амьд үлдсэн хүмүүсийн дурсамж, тэмдэглэлүүдийг маш дэлгэрэнгүй тусгасан байгаа. 

-Та Хятадын Коммунист намын эрх баригчид Монгол үндэстнийг уусган, устгах зорилгоор санаатайгаар Өвөр Монголд энэхүү үйл ажиллагааг явуулж байна гэдэгтэй санал нийлэх үү? Тийм. Өвөр Монголд баримталж буй Хятадын бодлого бол гэнэтийн зүйл биш. Хятадын Коммунист намын Өвөр Монгол, Төвд, Зүүн Туркистанд хэрэгжүүлж буй бодлого нь Монгол, Төвд, Уйгар үндэстнийг хятадад уусгах замаар бүгд нэгэн жигд, санаа зовох айдасгүй Хятадыг бүтээхэд чиглэгдсэн сайтар төлөвлөгдсөн үйл ажиллагаа.

Хятадын эрх баригчид үндэстний цөөнхүүдийн өвөрмөц байдлыг дан ганц Засгийн газар, Коммунист намын дэглэмд саад учруулж байна гэж үзээд зогсохгүй Хятадын хүн ам, нэг цул хятад байх бодлогод нийцэхгүй, тухгүй гэж үздэг. Зөвхөн миний туршлагаас л гэхэд зөвхөн Коммунист намын гишүүн төдийгүй жирийн хятад хүн хүртэл намайг өөрийгөө хятад хүн гэж тодорхойлохоос татгалзахад эвгүйцэж, сэтгэл дундуур байгаа нь ажиглагддаг байсан.

-Өвөр Монголын малчид эсэргүүцэл илэрхийлж, тэдэнд Коммунист нам болон цагдаа нар хатуу ширүүн хандаж байгааг бид үзсэн. Чухам тэнд юу болсон юм бэ? БНХАУ-ын Засгийн газар 2001 оноос эхлэн “Бэлчээрийн экосистемийг сэргээх” гэсэн зорилгын хүрээнд “Экологийн шилжилт хөдөлгөөн” болон “Малын бэлчээрийн даацыг бүхэлд нь хориглох” гэх хоёр цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр бодлогын гол зорилго нь хөдөө бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард түмнийг амьжиргаагаар нь бүрэн устгаж, монголын нүүдэлчин аж ахуй, амьдралын хэв маягийг үгүй хийхэд оршдог. Малчдын бэлчээрийг орон нутгийн засаг захиргаа болон Хятадын олборлох үйлдвэрүүд ямар ч үнэ төлбөргүй, урьдчилан мэдээлэлгүйгээр огт зөвшөөрөлгүй дээрэмдэх болсон. Хууль бусаар бэлчээрийг нь булааж байгаагийн эсрэг тэмцэн олон мянган малчид баривчлагдан, шоронд хоригдсон.

Өвөр Монголын монгол сэхээтнүүдийг мөн адил хэлмэгдүүлдэг гэж дуулсан? Өмнөд Монголд болсон улс төрийн бүх цэвэрлэгээнд хамгийн түрүүнд сэхээтнүүд хэлмэгдэж байсан. 1950-аад оны үед хэдэн арван мянган сэхээтнүүд “барууны үзэлтэн” гэх шалтгаанаар хэлмэгдсэн байдаг. Харин 1960-1970 оны геноцидын үеэр сэхээтнүүдийг “үндэсний салан тусгаарлагчид”, “Империалист Японы тагнуул”, “Зөвлөлт, Ар Монголын дэмжигчид” гэх шалтгаанаар хэлмэгдүүлсэн. Харин 1980, 1990-ээд онд Хадаа тэргүүтэй үндэсний эрхийг сэргээх асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн сэхээтнүүдийг баривчилж, урт хугацаагаар шоронд хорих болсон. Хадаа 15 жил шоронд хоригдож, салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлсэн, тагнуул хийсэн гэх хэргээр дахин дөрвөн жил хоригдсоны дараа одоо хэр нь гэрийн хорионд байсаар байна. Мөн Лхамжаб Боржигин тэргүүтэй зохиолчдыг баривчлуулж, шүүхээр шүүн, шоронд явуулахыг нь явуулж, гэрийн хорионд оруулахыг нь оруулсан.

-Өмнөд Монголд шашны эрх чөлөөний байдал ямар байна вэ? Соёлын хувьсгалын үеэр Өвөр Монголд шашин бүрэн арчигдсан. Хэдэн мянган буддын сүм, хийдүүдийг устгаж, олон мянган лам нар хэлмэгдсэн. Түүнээс хойш Өвөр Монголд шашны итгэл үнэмшил, сүсэгтэн, шашин номын тогтолцоо дахин сэргэж чадаагүй. Зарим сүм, хийдийг зөвхөн аялал жуулчлал болон шашны эрх чөлөөг дээдэлдэг гэж харагдуулах үүднээс сэргээн засварласан. Шүтэх шашин байхгүй байхад шашин шүтэх, шашны эрх чөлөөний талаар ярих нь утгагүй асуудал.

-Өмнөд Монголын энэхүү хүнд нөхцөл байдал ардчилсан орнуудын чихэнд тэр бүр хүрдэггүй. Яагаад? Өмнөд Монголын нөхцөл байдлыг ардчилсан орнуудад төдийлөн сайн мэдэхгүй байгаагийн гол шалтгаан нь Хятадын хэт, хатуу хяналттай холбоотой. Саяхныг хүртэл Өвөр Монголчуудад ардчилсан орнууд тэр дундаа АНУ болон Европын орнуудад дүрвэх боломж байгаагүй. Дүрвэгчдийн хувьд зугтах цорын ганц боломжтой газар нь Монгол Улс байсаар ирсэн. Харамсалтай нь Ар Монгол ч гэсэн 1990 оныг хүртэл 40 жил орчим бидний хувьд хаалттай байсан.

-Ардчилсан орнууд болон ТББ-ууд Өмнөд Монгол дахь хүний эрхийн төлөө юу хийж чадах вэ? Үндэсний хөдөлгөөнд ямар ч гаднын аврагч гэж байдаггүй. Гэсэн ч ардчилсан улс орнууд болон ТББ-ууд хүний эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Жишээ нь хүний эрхийн зөрчлийг олон улсын хүний эрхийн байгууллагууд болон ардчилсан орнуудын Засгийн газруудад сурталчлан, таниулах, орон нутгийн удирдлагуудтай хамтран иргэдэд сургалт зохион байгуулах, хүний эрхийн төлөө тэмцэгчдэд дэмжлэг үзүүлэх болон ардчилсан Засгийн газруудыг Хятадын Засгийн газарт шахалт үзүүлэхийг уриалах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадна.

Leave a Comment