эртээ холын Европоос эх орон руугаа, төрсөн гэр лүүгээ ганцаар, замын унаанд дайгдан тэмүүлэхийнхээ өмнө охин юу бодоо бол… 
Түүний фэйсбүүкийг үзлээ. Чех улсын Прага хотод амьдардаг гэхээс өөр мэдээлэлгүй. Аян замд гарсны нь дараах болов уу гэмээр үүргэвчтэй, амны хаалттай нэг зураг харагдана. Царай нь ч бүрэн танигдахгүй аж. Гадаад нэр бичжээ. “Сайн уу. Чат уншаад эргээд хариу өгөөрэй, баярлалаа” гэж бичээд үлдээв. Тэр яг одоо Орос, Монголын хилийн зурвас дээр хоёр дахь шөнөө хонож байгаа.

Чехээс замын унаанд дайгдаж, агаараар биш газраар цөөнгүй орныг дамжин, олон бартаа саадыг туулсаар 25 хоногийг охин үджээ. Хурдаа авсан машины цонхоор гадаах орчин эрээлжлэн харагддаг шиг гялбасан, эрээлсэн 25 хоногийн ард тэмүүлсээр гарахад нь хилийн цэргүүд хөшөө мэт угтаж, “Цаашаа” хэмээн гараараа зангав. Харин охин “Яахав ээ, тэд бол ажлаа л хийж байгаа хүмүүс” гэж хэлээд эерч сууна. 20 хүрэхгүй минут лайв хийгээд түүний сүлжээ тасарсан. Байр байдлаа даруухнаар, хэн нэгэнд уурлаж, гомдоллохгүйгээр, шалтаг тоочихгүйгээр илэрхийлээд тэр цахим ертөнцөөс түр алга болсон билээ.

Тэр Чехэд суралцдаг байсан. Хилийн цаах нь ирснээ ээж, аавдаа хэлээгүй. Цахимд үзэгдээд өнгөрсөн хойно чинь энд, эх оронд нь олон зүйл эргэн санагдаж, яригдаж, хэлэлцэгдэж эхэллээ. “Монгол морь хүртэл эх орон руугаа гүйдэг юм” хэмээн яриад ард түмнийхээ хоолойг зангируулдаг Ерөнхий сайдтай улс л даа, бид. Чи тийм нэгэн морь, тийм үү?

Бөмбөрцөг дэлхийг коронавирус гэдэг нэг бичилхэн эд донсолгож эхэлснээс хойш монголчууд зөндөө үймсэн. Төр нь бажгадахгүй гэж их л хичээнэ. Хамгийн гол нь хүн амынхаа дунд халдвар алдчих вий гэдэг айдас, тийм хариуцлагыг нэгдүгээрт мэдэрнэ. Гэхдээ хил хаамагц хөлөө тушуулсан олон мянган морьд эх орон руугаа давхих гээд давхиж чадахгүй үлсэн. Тэднийг эхнээс нь тусгай үүргийн онгоц хөөргөн татан авч буй ч одоо цаана нь 10 мянга гаруй морь хүлээгээстэй.

Харин охин онгоц хүлээж суусангүй ээ. Шууд л үүргэвчээ үүрээд ганцаархнаа гарч. Эх орон минь тосоод авна гэж итгээд тэр 25 хоног гүрийсэн байх даа. “Монгол хилээ хаачихсан байгаа гэдгийг одоо хүртэл мэддэггүй юм уу” хэмээн нэг хүн асууж байна, лайвын үеэр. Тэр шингэхэн хоолойгоор ингэж хариулах юм, “Мэдээж мэднэ. Тэгээд яах юм бэ. Суугаад л байх хэрэг үү. Иргэн нь тэртээ холоос яваад ирэхэд оруулах байлгүй дээ л гэж бодсон”.

“Оруулах байлгүй дээ” гээд горьдоход нь хорьж зогссон цэргүүдийн станц туж тачигнан дуугарч байсан гэх. Буцъя гэтэл нь Оросууд оруулдаггүй гэнэ. “Чи Монголын иргэн биз дээ. Тэгээд яагаад чамайг оруулдаггүй юм бэ” гэж орос талын хилийн албаныхан гайхаш тасарчээ. Гол нь дайгдаж ирсэн замын унаа, ачаа тээврийн жолоочийг нь хүртэл Монголын хилээр оруулсангүй. “Энэ охиныг оруулбал оруулна” хэмээжээ. Учир нь тэд нэг машинд сууж ирсэн. Халдвар чирээд ирэх бүрэн эрсдэлтэй байх.

Охин “Өрөөл бусдад хүртэл лай болчхоод л сууж байна. Жолооч ахыг хүртэл оруулаагүй” гээд үл ялигхан санаа алдана. Уг нь Чех дэх Элчин сайдын яам түүнийг иргэний үнэмлэхээ үзүүлээд л асуудалгүй нэвтэрчихнэ хэмээсэн гэх. Монголын хилээс өөр юу ч түүнийг зогсоогоогүй юм байна. Үүргэвчээ үүрээд ганцаараа ирсэн охиноо эх орон нь үүдээ дэлгээд угтахад нэг л болж өгсөнгүй. Дүрэм бас журам. Хүйтэн, зэврүүн шөнө тэр хаана хоноглоо бол. “Мишок байхгүй ээ” гэнэ лээ. Магадгүй нөгөө жолооч ахтайгаа, том машиных нь кабинд санаа алдсаар, ямар нэгэн найдвар хүлээсээр үүр цайлгасан болов уу. Дээрээс мэлтийх сар лав Оросынх биш Монголынх харагдсан учраас түүнд хань болсон байж таараа.

Охиныг лайваа хийгээд дууссаны дараа хэдэн тийш утас цохидог ажлаа хийлээ. Эхлээд Гаалийн ерөнхий газар. “Иргэний асуудлыг Хил хамгаалах л мэднэ дээ, миний дүү. Тийшээ утаст” гэж эгчмэд хүн хариулна. Би Алтанбулагийн боомтын жижүүрийн дугаарыг сурсан юм. Хил хамгаалах ерөнхий газар луу ярилаа. “Мэдэхгүй ээ, мэдээлэл аваагүй байна” гэж нэг эр уурсаад ярьж дуусахаас минь өмнө утсаа салгав. Хил хамгаалахын бас нэг жижүүрийн дугаарыг цуглуулаад залгав. Харин сайн сайхан хүн таарлаа. “Хоёрдугаар сараас хойш гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод буй шүү дээ. Түүнд хил гаалиар хүн нэвтрүүлэхтэй холбоотой хэд хэдэн журам заагдсан. Тэдгээр журмуудаар бол эхэлж тухайн улс дахь консулын газарт бүртгүүлж, зөвшөөрөл авч байж нэвтрэх юм. Тэгэхээр одоо консулын газартаа хандах, эсвэл шууд УОК-т өргөдөл өгөх нь зөв болов уу” гэлээ. Би талархал илэрхийлээд салгав.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг утсаа авсангүй. УОК-ын Шуурхай штабын хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан бас утсаа авсангүй. Коронавирус, цар тахал. Гадаадад гацсан иргэд, тусгай үүргийн онгоц. Хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал. Маскаа зүү, гараа ариутга. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам. Д.Нямхүү эмч, Г.Ууганбаяр хурандаа. Тусгаарлах байр, урвалж оношлуур. Сэжигтэй тохиолдол, шинжилгээний хариу. “Тэдэн хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ээ”. “Гадаадаас ирсэн иргэд буудлаа голж асуудал үүсгэсэн. Бид ярьдаггүй л болохоос их юм бий, их юм бий”… Сүүлийн зургаан сар монголчуудын хамгийн их сонссон үгс. Хилийн цаана ийм чимээ нүргэлж байгаа, охин минь.

Бас цахимд ийм чимээ ч дуурьсаж байна. “Арай ч дээ, ганц охиныг оруулчхаж болдоггүй юм уу”, “Эвий, ямар их зориг вэ”, “Хоёр дахь шөнөө хонож байгаа юм байна. Хууль, журам ярьсан малнууд аа, одоо нэг юм хэл”, “Тэр охиныг үүднийхээ тамбурт ч хамаагүй хонуулаач. Сэлэнгэд аадар асгарч байна. Орос цэрэг ирээд айлгаж оролдвол яана”. Чиний дуу хоолой элэг нэгтнүүдэд нь хүрсэн. Нэг хүнийг 8, 10 сая төгрөгөөр үүргийн онгоцоор авчирдаг, бүр тариф ч тогтсон гэлцэх болжээ. Дарга, цэрэг нарын хүүхдүүд хэдхэн цаг тусгай онгоцоор нисээд л эх орондоо ирчихдэг юм билээ. Харин тэр ганцаараа, замын унаа дамжин дамжин ирсэн. Ичээч, алхаад ирсэн охиноо хоёр хилийн зурваст хоёр шөнө хонуулдаг амьгүй албатууд аа Өнөөдөр чи эх орныхоо нутагт өлмий хүргэнэ. Тэгнэ гэж итгэж энэ өгүүлбэрээ дуусгая. Чи харих эх оронтой, тосоод авах гэр бүлтэй, өмөөрөх ард түмэнтэй жинхэнэ монгол охин.

Leave a Comment